Сэргээн засварлагдсан бүтээлүүд2018-07-20T10:41:00+00:00

Монголын урчуудын эвлэл нь  дүрслэх урлагийн бүх төрлөөр уран бүтээлээ туурвидаг зураач, барималч, сийлбэрч гэх мэт үе үеийн уран гартнууд, уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг хадгалж ирсэн олон зуун бүтээлийн үнэт сан хөмрөгтэй, судалгаа шинжилгээний байгууллага   юм.

Тус байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт бүтээлүүд нь цагийн аясаар элэгдэн муудаж, эвдэрч гэмтсэнийг Соёлын өвийг хамгаалах хуулийн хүрээнд түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах эрх бүхий  Соёлын өвийн үндэсний төвд хандсаны дагуу хоёр байгууллага хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламж дэмжлэгтэйгээр сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монголын урчуудын эвлэл өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг өөр өөр цаг үеийн урлагийн бүтээлүүд дотроос хадгалалтын явцад гэмтсэн уран баримал, керамик, уран сийлбэр, гоблем зэрэг төрөл зүйлийн 117 ширхэг урлагийн бүтээлүүдийг сонгон Монголын Урчуудын Эвлэлийн  хороо нь Соёлын өвийн үндэсний төвтэй  хамтарч ажиллаа.

Сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу, судалгаа, шинжилгээний ажлыг хийж, зарим уран бүтээлчидтэй уулзах, архивын баримт материал, хуучны гэрэл зургийг сурвалжлан олох, бүтээлийн эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн судлан тодорхойлж, холбогдох арга зүйг боловсруулан гүйцэтгэсэн болно.

Шавар керамикийн бүтээлийн сэргээн засварлалтыг ажлыг сэргээн засварлагч, судлаач Н.Бат-Эрдэнэ, С.Даваадарь, Э.Батжаргал нар, даавуу зөөлөн эдлэл-гобелиний сэргээн засварлалтыг сэргээн засварлагч Б.Мягмарсүрэн, О.Оюунчимэг нар, модон сийлбэрийн бүтээлийг С.Даваадарь, Т.Сүхбаатар, өнгө будгийн ажлыг сэргээн засварлагч, судлаач  А.Мөнгөнцоож нар ажилласан ба ерөнхий сэргээн засварлагчаар тус төвийн Биет өвийг сэргээн засварлах газрын ахлах мэргэжилтэн, сэргээн засварлагч Д.Нямдорж нар ажиллалаа.