МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ДҮРЭМ
МУЭ-ийн VIII их хурлаас батлав.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ, ЗОРИЛГО
Нэгдүгээр зүйл
Монголын урчуудын эвлэл (МУЭ) нь монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, гишүүдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор дүрслэх урлагийн бүтээлч ажилтнууд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн нийгмийн сонирхолыг эрхэмлэн дээдэлж, Монгол улсын үндсэн хуулийн хүрээнд өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага мөн.
Хоёрдугаар зүйл
Монголын урчуудын эвлэл нь ардчилсан ёс, шударга ёс, уран бүтээлчдийн чөлөөтэй бүтээл туурвих тэгш эрх, харилцан бие биеэ хүндэтгэн дэмжих хүмүүнлэг зарчмыг үйл ажиллагааны үндэс болгон эвлэлийн эв нэгдлийг эрхэмлэн ажиллана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Гуравдугаар зүйл
МУЭ-ийн дээд байгууллага нь МУЭ-ийн их хурал бөгөөд 3 жилд нэг удаа хуралдана. МУЭ-ийн тэргүүлэгчдийнхурлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн 51 хувиас дээш гишүүдийн шаардлагаар ээлжит бус их хурлыг хуралдуулж болно.
Их хурлаас:
а/ МУЭ-ийн дүрмийг шинэчлэн, нэмэлт өөрчлөлт оруулж батлана.
б/ МУЭ-ийн үйл ажиллагааны болон хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж шийдвэр гаргана.
в/МУЭ-ийн даргыг ардчилсан сонгуулийн зарчмаар нууц санал хурааж 51-ээс дээш хувийн саналаар сонгоно.
г/МУЭ-ийн дэд даргыг дарга нэр дэвшүүлэн батлуулна.
д/ Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, ил санал хураалтаар сонгож байгуулна.
е/Уран бүтээлийн холбоод болон дүрслэх урлагийн төрөл зүйлийг харгалзан нэгдлүүдийг зохион байгуулна.
ё/МУЭ-ийн удирдах байгууллага болох тэргүүлэгчдийн зөвлөлийг уран бүтээлийн нэгдлүүд болон харъяа байгууллагуудын төлөөллийг харгалзан 9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр ил санал хурааж сонгоно.
Дөрөвдүгээр зүйл
- МУЭ-ийн дарга нь их хурлын шийдвэрийг биелүүлж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулан ажиллаж, түүний үр дүнг бүх гишүүдийн өмнө хариуцна.
- МУЭ-ийн дарга нь ардчилсан шударга ёсны зарчмуудыг баримтлан эвлэлийн эрх ашгийн төлөө ажиллах бөгөөд хувийн ашиг сонирхолыг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Тавдугаар зүйл
МУЭ-ийн дарга нь ажлын үр дүнгээс хамааран нэг удаа улиран сонгогдох эрх эдлэнэ.
Зургадугаар зүйл
- МУЭ-ийн тэргүүлэгчдийн зөвлөл нь эвлэлийн төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг зохицуулах, ойрын болон хэтийн төлөвлөгөөт ажлын зангилаа асуудлуудын талаар шийдвэр гаргана.
- Зөвлөлийн гишүүд нь шийдвэр гаргахад саналын тэгш эрхтэйгээр оролцож олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
- Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд нь тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүний цалин авахгүй.
- Тэргүүлэгчдийн зөвлөлөөс МУЭ-ийн харьяа байгууллагуудын удирдлагыг сонгоно.
Долоодугаар зүйл
МУЭ-ийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд уран бүтээлийн нэгдлүүд, аймгуудад зураач урчуудын холбоод байгуулахын зэрэгцээ МУЭ-ийн үйл ажиллагааг санхүүгийн талаар дэмжих зорилго бүхий аж ахуйн нэгж байгуулж ажиллуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Наймдугааар зүйл
МУЭ нь төрийн байгууллагаас зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд хараат бус байна.
Есдүгээр зүйл
МУЭ нь гишүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараах үндсэн үйл ажиллагааг явуулна.
ҮҮНД:
а/ Гишүүдийн уран бүтээл туурвих нөхцөл бололцоог сайжруулах
б/ Гишүүдийн бүтээн туурвих, зохиогчийн эрхийг хамгаалах
в/ Гишүүдийн амьжиргааны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх
г/ Гишүүдийн уран бүтээлээ нийтийн хүртээл болгоход чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд тусламж үзүүлэх
д/ Дүрслэх урлагийн менежментийн асуудлыг захзээлийн хөгжлийн түвшинд хүргэх
Аравдугаар зүйл
Дүрслэх урлагийн бүтээлийг нийтийн хүртээл болгох, ард түмний гоо зүйн соёлыг дээшлүүлэх,хүүхэд залуучуудын авьяас билгийг хөгжүүлэх зэрэг хүмүүнлигийн үйлс нь МУЭ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг мөн
Арваннэгдүгээр зүйл
Төрөөс нийгэм, байгаль орчин болон соёл урлаг, хүмүүнлигийн тодорхой зорилго бүхий төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
Арванхоёрдугаар зүйл
Дүрслэх урлагийн чиглэлээрхи үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай ардчилал, зах зээлийн зарчмуудыг баримтлан ажиллана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МУЭ-ийн ӨМЧ
Арвангуравдугаар зүйл
МУЭ нь өөрийн үйл ажиллагаа явуулахын үндэс болсон өмчтэй байна.
Арвандөрөвдүгээр зүйл
МУЭ-ийн үндсэн өмч нь уран бүтээлчдийн оюуны өв, бүтээл туурвил мөн. МУЭ-ийн өмчид эвлэл ба харьяа байгууллагуудын үндсэн ба эргэлтийн хөрөнгө хамаарагдана.
Арвантавдугаар зүйл
МУЭ-ийн өмчийг өмчийн бусад хэлбэрүүдтэй адилтган үзэж хувьчлах буюу МУЭ-ийг татан буугдаагүй нөхцөлд худалдан хувиарлахыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МУЭ-ИЙН САНХҮҮЖИЛТ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ
Арванзургадугаар зүйл
МУЭ нь дараах эх үүсвэрээс санхүүжинэ.
- Гишүүдийн татвар ба хандив
- Ивээн тэтгэгчийн хандив
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого
- Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүжигдсэн хөрөнгө
Арвандолоодугаар зүйл
7000 ам доллараасдээш хөрөнгө шаардагдах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон үүнээс дээш үнэлгээтэй хөрөнгийн асуудлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Арваннаймдугаар зүйл
МУЭ-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
- Иргэд бусад хуулийн этгээдэд хөрөнгийн баталгаа гаргах
- Гишүүд, харьяа байгууллагуудад хөрөнгийн баталгаа гаргах
- Тус зүйлийн 1, 2-р заалт эвлэлийн харьяа бусад байгууллагуудад мөн хамаарна
- Иргэд, бусад хуулийн этгээд, гишүүд, харьяа байгууллагуудын аж ахуйн үйл ажиллагаанаас үүссэн хохиролыг нөхөхөд оролцох
- МУЭ-ийн үлхөдлөх үндсэн хөрөнгийг барьцаалан зээл авах
- МУЭ-ийн үндсэн хөрөнгийг улсын өмч хувьчлалд хамруулах
- МУЭ-ийн хөрөнгийг хувьчлан хувааж авах
- МУЭ-ийн хөрөнгийг бусдад худалдан хувьдаа ашиглах
- МУЭ-ийн хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанаас олсон ашгийг хувьдаа ашиглах
- МУЭ-ийн байгууллагын нэр, хуулийн этгээдийн эрх хийгээд албан тушаалаа хувийн эрх ашгийн үүднээс ашиглах
Арванесдүгээр зүйл
МУЭ-ийн хяналтын зөвлөл нь дараах үйл ажиллагаа явуулна:
- МУЭ, түүний харьяа байгууллагуудын санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавьж шалгана.
- Байгууллага, гишүүдээс гаргасан эрэлт хүсэлт, гомдол, шаардлагыг хэрхэн барагдуулж байгааг хянана.
- Санхүүгийн холбогдолтой хяналт шалгалтыг мэргэжлийн хүмүүс оролцуулан хийнэ.
- Хяналтын зөвлөлийн ажилтай холбогдох зардлыг МУЭ-ээс санхүүжүүлэх бөгөөд шалгалтын үр дүнг харгалзан урамшил тогтоож болно.
- Хяналтын зөвлөл ажлаа тэргүүлэгчдийн зөвлөл болон их хуралд тайлагнана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МУЭ-ИЙН ГИШҮҮН БА ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
Хорьдугаар зүйл
МУЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн уран бүтээлч иргэн ямар ч хүн МУЭ-ийн гишүүнээр элсэх, сайн дураар гишүүнээс татгалзах эрхтэй.
Хориннэгдгээр зүйл
Мэргэжлийн түвшинд чадвартай уран бүтээлч, урлаг судлаач, шүүмжлэгч, урлагийн ивээн тэтгэгч, цуглуулагч, урлагийг дэмжигч хүмүүсийг тэргүүлэгчдийн зөвлөлөөр хэлэлцэж МУЭ-ийн гишүүнд элсүүлнэ.
Хоринхоёрдугаар бүлэг
МУЭ-ийн гишүүн нь дараах эрхтэй:
- МУЭ-ийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох
- МУЭ-ийн өмчөөс хүртэх
- Уран бүтээл туурвихтай холбогдуулан нөхцлөө сайжруулахад санхүүгийн тусламж авах
- Амьдралын гачигдал тохиолдсон үед тусламж авах
- Өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан үед тусламж авах
Хорингуравдугаар зүйл
МУЭ-ийн гишүүн нь дараах үүрэгтэй:
- Эвлэлийн эв нэгдлийг хамгаалах
- Эвлэлийн нэр хүндийг өргөх
- Эвлэлийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах
- МУЭ-ийн дүрэм, мөрийн хөтөлбөрийн шаардлагыг биелүүлж эвлэлийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, гаргасан шийдвэрийг биелүүлж байх
- Гишүүний татварыг тогтоосон хугацаанд хураалгаж байх \элсэлтийн татвар 10 ам доллар, гишүүний татвар 5 ам доллар\
ДОЛООДУГААР БҮЛЭГ
МУЭ-ИЙГ ТАТАН БУУЛГАХ
Хориндөрөвдүгээр зүйл
МУЭ-ийг татан буулгах асуудлыг МУЭ-ийн санхүүгийн чадавхи доройтож дампуурсан нөхцөлд тэргүүлэгчдийн зөвлөл буюу гишүүдийн 51-ээс дээш хувийн саналыг үндэслэн их хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хоринтавдугаар зүйл
МУЭ татан буугдсан нөхцөлд түүний хөрөнгө санхүүтэй холбогдох асуудлыг их хурлаас бүх гишүүдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ.
Хоринзургадугаар зүйл
МУЭ-ийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаа дампуурсан тохиолдолд үндсэн хөрөнгийг МУЭ-ийн төвлөрсөн хөрөнгөнд нэгтгэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МУЭ-ИЙН ДҮРЭМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Хориндолоодугаар зүйл
Энэ дүрмийн 4-р зүйлийн 2,15-р зүйл, 17-р зүйл, 18-р зүйлийн 1-10 дахь хэсгүүдийн заалтуудыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр байвал албан тушаалтныг ажлаас нь огцруулах ба хохирлын хэмжээг харгалзан шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Хориннаймдугаар бүлэг
МУЭ-ийн дүрмийг зөрчиж, эвлэлийн нэр хүндийг гутаах үйл ажиллагаа явуулсан, эвлэлийн сан хөмрөгө, эдийн засаг санхүүгийн чадавхид ноцтой хохирол учруулсан үйлдэл гаргасан хүн МУЭ-ийн гишүүн байх эрхээ алдана. Ийм тохиолдолд холбогдох шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөлөөс гаргана.
Хоринесдүгээр бүлэг
Гишүүний татварыг хүндэтгэх шалтгаангүйгээр 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй гишүүнийг эвлэлээс хасна.
Улаанбаатар хот
1995 оны 12 сарын 08.