Монголын Урчуудын Эвлэлийн Түүх

 

Зураач, урчуудын нэгтгэсэн байгууллага нь 1942 оны 12 сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж Улсын Уран Сайхны хүрээлэнгийн харьяанд “Зураг Урлалын Газар” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар 1946 онд “Дүрслэх Урлагийн Газар” болон өргөжин зураг баримлын тасагтай болж урлах эрдмийн олон төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

1955 оны 5-р сарын 24-нд Монголын Урчуудын Эвлэлийн анхдугаар их хурал худалдаж “Монголын Урчуудын Эвлэл” хэмээн шинэлэн зохион байгуулснаар монголын урчууд өөрсдийн олон нийтийн байгууллагатай болсон юм.

Монголын дүслэх урлагийн байгууллага Урчуудын Эвлэлийг зохион байгуулах ажлыг зураач Д.Чойдог тэргүүнтэй нэрд гарсан зураач, урчууд ихээхэн хичээл зүтгэл гаргаж бүтээжээ. 1956-1989 он хүртэлх олон жилийн хугацаанд тус байгууллагын зураач Н.Цүлтэм болон бүтээл туурвилаараа нэрд гарсан ардартай хэдэн зураачид түүнтэй гар нийлэн  хамтран ажиллаж эдийн засаг, санхүүгийн хувьд бүрэн бие даасан, Монгол төдийгүй гадаадад ч ихээр нэр хүндтэй, нийгэмдээ нөлөө бүхий олон нийтийн томоохон байгууллага болж чадсан байна.

Хот хөдөөд урчуудын эвлэлийн салбарыг байгуулж гудамж талбайд байрлуулсан зураг, самбар, барилга байшин, гадаад, дотоод чимэглэл болон түүхт хүмүүсийн хөшөө дурсгалуудыг урлаж босгох зэрэг нийгмийн захиалгат асар их бүтээлийг энэ хугацаанд хийж гүйцэтгэснийг тоочих аргагүй юм.

МУЭ нь уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнг дэлгэн харуулах Үзэсгэлэнгийн танхим, Хэвлэл чимэглэлийн үйлдвэр, Гар урлалын үйлдвэр, бүх аймаг хотод салбартай болтлоо өргөжин, гадаадын олон орны зураачдын байгууллагатай харилцаа холбоотой ажиллаж, уран бүтээлчдээ харилцан явуулж дэлхий дахины урлаг соёлын мэдээлэл, хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй явж үндэсний хэлбэр, утга агуулгаар  баялаг дүрслэх урлагаараа газар газрын үзэгчид, эрдэмтэн судлаачдын анхаарал талархлыг хүлээж байлаа.

1990 оноос улс орон чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед МУЭ нь зураач, барималч, урчууддаа зориулан урлангийг байрыг 1993-1994 онд ашиглалтанд оруулж, 1997 онд нэгдсэн урлангийн цогцолбор байгуулснаар өдгөө 50-аад уран бүтээлчид уран бүтээлээ туурвин ажиллаж байна.

МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимыг 1965 онд манай уран бүтээлчид өөрсдөө босгосон гэдэг. 1966 онд үзэсгэлэнгийн дан барилга ашиглалтанд орсноор уран бүтээлчдийн бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлэх боломжтой болжээ. 1997 онд үзэсгэлэнгийн барилгын өргөжилтийн ажлыг эхэлж, 1998 оны 11-р сард ашиглалтанд оруулсан юм. Үзэсгэлэнгийн барилга маань 2 давхар болон өргөжиж зураач, уран бүтээлчдийнхээ бүтээлээ дэлгэн тавих боломжийг бүрдүүлжээ. Өдгөө манай үзэсгэлэнгийн танхим жил бүр 40 орчим уран бүтээлийн үзэсгэлэн гардаг.

МУЭ нь энэ хугацаанд ард түмнийхээ оюун санааны ертөнцөд онцгой чухал үүрэг гүйцэтгэж, нийгмийн соёл урлагийн амьдралд нөлөө бүхий том салбар болж бүх талаараа бэхжин тогтворжин эдүгээ цаг үе болон ирээдүйд ч улс орныхоо хөгжил дэвшилд урьд урьдаас илүүтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Монголын дүрслэх урлагийн үндэсний болоод өрнө дахины дэг сургуультай хослуулан хөгжүүлж, ДУДС, УБДС-ийг төгсөгчид, ЗХУ болон бусад оронд суралцан төгсөж дээд боловсролыг эзэмшсэн мэргэжлийн зураач, барималч, урчуудаар эгнээгээ тэлж тэдний өвөрмөц арга барил , адилтгах аргагүй сонирхолтой бүтээлүүдээр уран сайхны фонд, музейн сан хөмрөгийг баяжуулсаар ирсэн.

МУЭ-ийн байгууллагын нэгэн онцгой асуудал бол урлаг уран сайхны боловсрол сургалтанд залуу үе, боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байсан талаар өөрийн өвөрмөц бодлогоо явуулж байсан нь Академийн уламжлалт сургалт, системтэй Орос улсын И.Е. Репин, В.И.Суриковын нэрэмжит сургуулиудад, Европын социалист хэмээн нэрлэгдэж байсан зарим улсууд болон гадаадын олон дээд  сургуулиудад оюутан залуусаа илгээж байсан нэгэнт түүх болон үлджээ. Ингэснээр хүн төрөлхтний соёл, сонгодог урлагийн үндсийг гүнзгий танин мэдэж, сурлацах өргөн бололцоо олгогдсон ба монголын зцраач урчууд  мэргэжилийн түвшинд авъяас билгээрээ, уран бүтээлээрээ дэлхийд хүрэх гарцыг бий болгосон юм.

МУЭ нь олон улсын харилцаагаа бодит байдлаар хөгжүүлэн ирсэн нь олон үзэсгэлэнгүүдийг гадаадад зохиох, гадаадын музей, үзэсгэлэнтэй хамтран ажиллах, бүтээлч урчуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бүхий л талаар дэмжин үр дүнтэй ажиллаж байгаа.

Өнөөдөр Монголын Урчуудын Эвлэл нь өргөжин дэвшиж, дүрслэх урлагийг өрнүүлэн хөгжүүлэх билиг төгөлдөр зураач урчуудыг нэгтгэн, Монгол улсын соёл урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж олон улсын зураачдын болон гар урлалын байгууллагын гишүүн, төрийн бус мэргэжлийн зохион байгуулагч болон хөгжин дээшилж байна.